Гадаадад суралцах
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам дараах хэлбэрээр Монгол Улсын иргэнийг гадаадад тэтгэлэгтэй суралцуулах ажлыг зохион байгуулж байна. Үүнд:
2021-2022 онд гадаадад тэтгэлэгээр суралцуулах тухай мэдээллийг Боловсрол шинжлэх ухааны яамны веб сайтаас https://www.meds.gov.mn/study-abroad?category_id=11447 үзнэ үү.
- Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу
Манай улс ОХУ, БНХАУ, Польш, Унгар, Болгар, Казакстан, Куба, Вьетнам, зэрэг улстай байгуулсан Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн хүрээнд 2000-2020 онуудад нийт 10000 гаруй орчим оюутныг гадаадад суралцуулахаар илгээсэн байна.
- Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр
Бакалаврын сургалт:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Дэлхийн шилдэг 100 их, дээд сургуулийн бакалаврын сургалтад Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр оюутан суралцуулах хөтөлбөрийг 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үүнд зөвхөн сургалтын төлбөрийг зээл хэлбэрээр олгодог. Амьжиргааны зардал болон байрны төлбөр зэрэг бусад төлбөрийг суралцагч өөрөө хариуцна. Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Times Higher Education World University Rankings” (THE) болон “Academic Ranking of World Universities” зэрэглэлийг үндэслэн энэхүү (ARWU) жагсаалтын эхний 100-д багтсан их сургуулийг дэлхийн шилдэг их сургуульд тооцно.
2021-2023 онд дэлхийн шилдэг их, дээд сургуульд оюутан суралцуулах сонгон шалгаруулалтын мэдээллийг http://www.meds.gov.mn/top2015 холбоосоор үзэж танилцана уу.
Магистр, докторын сургалт:
Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр өндөр хөгжилтэй орны их сургуульд магистр, докторт суралцуулах сонгон шалгаруулалтыг тус яам Монгол Улсын Засгийн газрын 2012 оны “Журам батлах тухай” 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл олгох журам”, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны “Журам шинэчлэн батлах тухай” 71 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэл, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны “Журам батлах тухай” 11 дүгээр тушаалаар батлагдсан “Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам”-ыг тус тус үндэслэн зохион байгуулдаг.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.sts.meds.gov.mn/index.php/mn/ холбоосоор үзэж танилцана уу.
- Хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас дэлхийн шилдэг их сургуульд манай улсад шаардлагатай байгаа нарийн мэргэжлээр оюутан сургах талаар АНУ, ХБНГУ-ын сургалтын тэтгэлэг олгодог байгууллага болох Фулбрайтын сан, Германы эрдмийн солилцооны албатай хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Засгийн газрын тэтгэлэг болох Чевнингийн хөтөлбөртэй хамтран 2014 оноос тэтгэлэгт хөтөлбөрийг мөн хэрэгжүүлж байна.
Тэтгэлгийн тухай ерөнхий мэдээллийг http://1.usa.gov/1LF06nz; http://www.chevening.org/; http://bit.ly/1zefb70 холбоосуудаас үзэж болно.